Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө бидэнд танилцуулна уу.
Баярлалаа. Намайг Эрдэнэбатын Билгүүн гэдэг. Би АНУ-ын Корнеллийн их сургуульд 2013-2015 онд Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр Олон улсын хөгжил судлал мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Корнеллийн их сургууль нь АНУ-ын Нью Йорк мужийн Итака хотод байрладаг сургууль юм.
Корнеллийн их сургууль бол дэлхийн топ сургуулийн нэг шүү дээ. Анх АНУ-д суралцъя гэдэг шийдвэрийг хэзээ гаргаж байсан вэ? Яагаад заавал АНУ-д сурсан бэ?
Би МУИС-ийн Олон Улсын Харилцааны сургуулийг төгссөн. Яг АНУ-д сурна гэдэг шийдвэрийг 2012 онд гаргасан. Тэр үед олон тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг байсан ч АНУ-д сурна гэдэг нь боломжгүй мөрөөдөл мэт санагддаг байсан. Шилдэг их дээд сургуулиуд төлбөр ихтэй, шалгуурууд нь ч өндөр байдаг учраас би АНУ-д сурахад тэнцэхгүй байх гээд өөртэй итгэлгүй байсан. Тухайн үед нэлээн олон тэтгэлэгт материал өгөөд татгалзсан хариу авсан байсан учраас жирийн сургуульд нь тэнцээгүй юм чинь АНУ-д бүүр боломжгүй байх гээд, их хол санагддаг байсан. Тэгээд хоёр жилийн турш ажлаа хийгээд тэтгэлэгт хөтөлбөрүүдэд бэлдэж эхэлсэн юм. Тэгэхдээ өмнө нь яг юун дээр алдсан бэ гээд их няхуур ажилласан. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт материал өгөхдөө юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг судалж, хүмүүсийн яриа, лекцүүдэд их сууж туршлага судалсан. 2012 оны 4 дүгээр сард Австралийн Засгийн Газрын тэтгэлэг зарлагдсан байх үед Фулбрайтын тэтгэлэгт мөн материал авч байгааг мэдээд хоёр хөтөлбөрт материалаа өгсөн. Тэгээд аль алинаас нь тэнцсэн гэдэг хариуг 2012 оны 5 дугаар сард авч байсан юм.
Таны хувьд тэтгэлэгт хоёр жил бэлдсэн юм байна. Тэрнээс өмнө англи хэлээ хэрхэн яаж бэлдэж байсан өөрийн туршлагаасаа хүүхэд залууст хуваалцана уу.
Би Нийслэлийн арван жилийн 5 дугаар дунд сургуулийг төгссөн. Тавдугаар ангиасаа эхлээд улсын сургуулийн англи хэлний хөтөлбөрийн дагуу л англи хэлийг суралцсан. Эмээ өвөө дээрээ өсч, тэтгэврийн мөнгөөр амьдардаг байсан учраас илүү сургалт, хэлний бэлтгэлд явах боломж байхгүй гэдгийг багаасаа л мэддэг байсан. Тийм ч учраас өөрт байгаа нэмэлт боломж нөөцөө л дайчилдаг байсан. Жишээ нь, англи хэл дээр ном их уншдаг байлаа. Тухайн үед англи номнууд их ховор байсан учраас өвөө эмээгийнхээ тэтгэврийг буухаар дагуулж яваад Урт цагаан дээрээс англи хэл дээр бичигдсэн уран зохиолын номнууд авахуулж уншдаг байсан юм. Мөн тухайн үед Backstreet Boys гэх мэт дуртай хамтлагийнхаа яг юу дуулаад байгааг мэдэх гээд бүх дууг нь шөнөжин сууж орчуулдаг байсан. Энэ бүхэн миний англи хэлний ур чадвар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж боддог. МУИС-ийн Олон Улсын Харилцааны сургуульд суралцаж байхад англи хэлний үндсэн хичээлүүдийг үзсэн. Гэхдээ танхимын англи хэл дандаа дүрэм үздэг учраас хэдийгээр орчуулгын ажлууд, ангидаа дадлага хийдэг байсан ч гэсэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй хангалтгүй санагддаг байсан.
Тэгсэн 2007 оноос эхлээд хичээлийнхээ хажуугаар бүтэн цагийн ажил хийж өдөр тутам бизнесийн англи хэлийг ашигладаг, орчуулга хийдэг, гадаад хүмүүстэй байнга ярилцдаг болсноор хэлний чадвараа нэлээн сайжруулж авсан. Үүний үр дүнд сургуулиа төгсөхөд ангийнхаа хүүхдүүдийн хажууд хоёр гурван жилийн илүү туршлагатай болчихсон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг болоод төгсөж байсан. Энэ маань ч карьерын маань эхлэлийг тавихад маш чухал нөлөө үзүүлсэн. Хэрвээ одоо гадаадад сурна, англи хэлээ сайжруулъя гэж бодож байгаа хүмүүс байвал боломж байгаа, хүнд заавал боломж байдаг, тийм ч учраас өөрийгөө дайчлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн гадаадад сурна гэж зорьж байгаа, ялангуяа АНУ-д сурах хүсэлтэй хэдий ч хаанаас зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа хүмүүс байвал Education USA Mongolia хөтөлбөртэй холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авч болно гэж зөвлөмөөр байна.
Та АНУ бол холын мөрөөдөл мэт санагддаг байсан гэж ярьсан. Гэхдээ яагаад өргөдөл гаргасан вэ? Ямар нэгэн үйл явдал эсвэл хэн нэгэн хүний зөвлөгөө таныг оролдоод үзье гэсэн бодолд хүргэсэн үү?
Хүн бүрд нэг тийм даван туулах хэрэгтэй айдас байдаг болов уу гэж боддог. Би өмнө нь олон тэтгэлэгт хөтөлбөрт материал өгөөд бүтэлгүйтэж үзсэн байсан учраас дараа нь айхаа больчихсон байсан. Гэхдээ айхаа больсон гээд сайжруулахгүйгээр хаа хамаагүй тэтгэлэгт материал өгөлгүй, алдаа нь юу байна гэдэг дээр их нухацтай хандах хэрэгтэй болсон учраас хоёр жилийн хугацаанд өргөдлийн маягтаа бэлдсэн. Мөн нэг тийм зүйл байдаг л даа. Хүн би яг тийм зүйл хийнэ гээд төлөвлөсөн хэдий ч шалтаг шалтгаан гарч ирээд хойшлуулаад байдаг. Миний хувьд 7 дугаар сард IELTS эсвэл TOEFL-ын шалгалт өгнө гэж бодсон ч цагаа тулахаар ажил ихтэй байна гэдэг шалтгаанаар хойшлуулаад байдаг тохиолдлууд гарч байсан. Харин би юу хийсэн гэхээр 365 хоногтой ханын календарь аваад, түүн дээрээ IBT TOEFL болон IELTS-ын шалгалт өгөх бүх өдрүүдийг тэмдэглээд түүнийгээ ажлын ширээнийхээ хажууд бас нэгийг нь гэртээ орныхоо хажууд өлгөөд, өглөө босоод мөн ажил дээрээ очоод тэр хувиараа хардаг болсон. Тэгж байж тухайн хуваарьтаа тохируулж ажлаа төлөвлөдөг байсан. Тухайн үед TOEFL-ын шалгалт бас өндөр үнэтэй байсан. Надад TOEFL-ын шалгалт өгөх ганц л боломж байгаа учраас энэ боломжоо алдахгүй хамгийн сайнаараа бэлдэх хэрэгтэй байсан. Мөн би ханан дээрээ яг шалгалт өгөх өдрөө улаанаар тодруулаад тэмдэглэсэн байдаг байсан учраас манай ажлынхан миний шалгалт өгөх өдрийг бүүр цээжилсэн байдаг байсан. Тэр хэрээрээ өөртөө өндөр шаардлага тавьж бэлддэг, нилээн зорилготой төлөвлөгөөтэй ажилласан л даа.
Би Save The Children In Mongolia буюу “Олон Улсын Хүүхдийг Ивээх Сан”-д сургуулиа төгсөөд ажилд орж, энэ байгууллагаас өөрийн карьерээ эхэлсэн. Тухайн үед 2011-2012 онд тэтгэлгийн материалаа бэлдэж байхад АНУ-ын шилдэг их дээд сургуулиуд олон улсын хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын ажилтнуудад богино хэмжээний курсыг үнэ төлбөргүйгээр онлайнаар сурахыг санал болгож байсан юм. Тэгэхэд нь би Ази номхон далайн бүсээс ганцаараа шалгараад тэр сургалтанд суух боломжтой болсон. “Олон Улсын Хүүхдийг Ивээх Сан”-гийн ажилтан гэдэг утгаараа би хоёр жилийн турш өдөр бүр хичээлтэй байж, тэр сургалтуудад сураад хоёуланд нь сертификатаа авч байсан. Нэг нь Leadership management гэдэг сургалт, дараагийнх нь Хүний нөөцийн менежмент гэдэг сургалт байсан юм.
Их сонирхолтой нь би эмээ өвөөдөө орой очоод л би ийм хичээлд суугаад гээд завгүй байгаагаа тайлбарладаг, олон улсын ийм хүмүүстэй баг болоод ийм даалгавар хийдэг гээд л тэгсэн тухайн үед эмээ чиний сураад байгаа сургууль чинь юу билээ гэсэн чинь Корнеллийн их сургууль байсан. Миний хувьд тэр үедээ анзаараагүй байсан. Тухайн сургуулийн хичээлийг онлайнаар сурч байгаа маань надад азтай, талархууштай зүйл байсан учраас цаад сургуулиа ямар сургууль гэдгээ ч сайн судлаагүй, ямартай ч хүмүүс надад итгэл найдвар хүлээлгээд Ази номхон далайн бүсийг төлөөлөөд сургалтад оролцож байгаа юм чинь үүнийгээ сайн дуусгах ёстой гэсэн зорилготой байсан. Нэг өдөр ажлаа тараад гэртээ ирсэн манай эмээ сонингийн хайчилбар барьчихсан, миний хүү энэ дэлхийн шилдэг 10 сургууль гэнэ, энэ дунд чиний хэлээд байдаг Ко-гоор эхэлсэн сургууль чинь байгаад байх шиг байна чи нэг хар даа гэсэн. Харсан чинь 10-р байранд Корнеллийн их сургууль гээд биччихсэн байхаар нь өөрөө ч их гайхаад баярлаж байсан юм. Тэгээд нээрээ л би хоёр жилийн хугацаанд Корнеллийн их сургуулийн хичээлийг онлайнаар үзээд авдаг шалгалтуудыг бүгдийг нь өгөөд гэрийн даалгавруудаа хийгээд явж чадаж байгаа юм чинь яагаад АНУ-д суралцаж болохгүй гэж бодсон. Тийм ч учраас 2012 оны 4 дүгээр сард Фулбрайтын тэтгэлэгт материал өгч байсан. Тэгээд тэтгэлэгт хөтөлбөрийнхөө ярилцлагад орж байхад хүмүүс надаас яаж яваад Корнеллийн их сургуульд сурав гэж асууж байсан. Тухайн үед Корнеллийн их сургуульд сурсан хүмүүс их ховор байсан үе, гэтэл би хоёрын хоёр Корнеллийн онлайн сургалтад суусан гэрчилгээ хавсаргасан байсан маань ярилцлагын багынхны анхаарал татахуйц явдал байсан.
Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. Энэ хөтөлбөрт тэнцлээ гэдэг нь ямар учиртай вэ? Корнеллийн их сургуульд сурмаар байна гэж Фулбрайтын тэтгэлэгт материал өгдөг үү эсвэл Фулбрайтаас таныг Корнеллийн их сургуульд сурах уу гэдэг юм уу?
Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр маань олон улсад нэр хүндтэй дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг, дотроо олон төрөл байдаг хөтөлбөр байгаа. Миний явсан хөтөлбөр нь гадаад оюутанд зориулсан хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөр маань Монгол улсад хоёр байдаг. Нэг нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, нөгөөх нь Монгол улсын Засгийн газрын санхүүжилттэй. Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхээр чамтай харилцан ярьсаны үр дүнд чиний хамгийн тэнцэх магадлал өндөр дөрвөн сургуулийг сонгодог. Мөн чиний сурах чиглэл, мэргэжилтэй уялдуулж Фулбрайтын хөтөлбөрөөс санхүүжүүлэх боломжтой сургуулиудыг сонгодог байгаа. Миний хувьд 4 сургууль сонгосон байснаас нэг нь Корнеллийн их сургууль байсан. Мөн би Фулбрайтын тэтгэлгээр Корнеллийн их сургуульд очиж сурсан хамгийн анхны Монгол оюутан байсан. Фулбрайтын хөтөлбөрөөс амьжиргааны зардал, онгоцны зардал, давхар хоёр жилийн хугацаанд их сургуульд сураад төгсөхөд ямар л зардал гарна түүнийг бүгдийг нь төлдөг. Мөн АНУ-д анх очиход Фулбрайтын хөтөлбөрийн хүрээнд өмнө нь АНУ-д болон гадаадад ирж байгаагүй оюутнуудад танилцах, чиглүүлэх зорилготой Orientation буюу 45 хоногийн хугацаатай хөтөлбөрт хамруулдаг бөгөөд миний хувьд Канзасын их сургуульд очиж суралцах боломж гарсан юм.
Өмнө нь онлайнаар Корнеллийн их сургуулийн хичээлийг үзээд, дараа нь яг тэр сургуульд нь очоод сурахад ямар байсан бэ?
Яагаад ч юм анх төсөөлөх дөө би Нью Йорк шиг завгүй, түм бужигнасан хот байгаа гэж бодсон чинь их нам гүн, үнэхээр гоё байгальтай мужид очсон. Тэгээд дотуур байрандаа очоод маш том учраас судлаад харахаар анх Корнеллийн их сургууль байгуулагдаад Корнеллийг тойруулаад Итака хот байгуулагдсан түүхтэй юм билээ. Их сургууль дээр түшиглэсэн оюутны хот гэсэн үг. Намайг сурч байх үед 100 мянган хүнтэй хот байсан бөгөөд Корнеллийн их сургуульд 21 мянган оюутан суралцдаг байсан.
Бүтэн тэтгэлэг авч төлбөрийн хувьд санаа зоволтгүй болсон ч гэсэн яг сурсан чинь хүндрэлтэй зүйл байсан уу? Бэлтгэлээ арай дутуу хийж дээ гэж бодогдсон зүйл юу байв?
Эхний улирал хамгийн хэцүү байсан. Би өөрийгөө англи хэлээр чөлөөтэй ярьдаг гээд итгэлтэй очсон чинь миний англи хэл яг академик түвшинд гологдож байсан тул амаргүй байсан. Яг тухайн мэргэжлийн, салбарын үг хэллэгүүд гэж байгаа. Тухайн салбарын ном сурах бичгүүдийг уншихад академик англи хэл хангалтгүй бол тоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг ерөөсөө ойлгохгүй надад их хэцүү байсан. Миний англи хэл ийм муу юм байх даа гээд өөрөө давхар шоконд орж байсан. Тэгэхээр их хичээл зүтгэл гаргаж, өдөрт 300-400 хуудас материал, нэг бүтэн ном унших шаардлагатай болно. Түүнийхээ дагуу эссэ бичнэ, тэгээд ойлгосон сэдвээрээ ангийнхантайгаа хэлэлцүүлэг хийдэг. Монголд байдаг миний их сургуульд сурч байсан орчноос шал өөр байсан. Монголд багшийн хэлсэн үг хууль, хэлсний дагуу л шалгалтандаа бэлддэг байсан бол АНУ-д илүү оюутны идэвхтэй байдлыг дэмжсэн хөтөлбөрүүд байдаг нь надад их онцлогтой санагдаж байсан. Тэгээд миний сурсан сургалтын хөтөлбөрт 1000 гаруй хичээлээс нэг семестерт 6 хичээлийг сонгож үзэх хэрэгтэй болсон. Нэг талаараа гоё юм шиг боловч хичээл сонголтоо яаралтай хийхгүй бол ангиуд нь дүүрэх гээд байдаг, нэрийг нь харж байгаад хичээлээ сонгохоор бодсоноос агуулгаараа өөр байх жишээтэй. Эхний улиралд хичээл сонголтоосоо болоод их будилуу байдалтай явсан. Эхний улирлын алдаа онооноосоо суралцаад хоёр дахь улиралдаа мэргэжлийнхээ дагуу хичээл сонголтоо хийгээд, хичээлийн хуваарилалтаа бас цаг төлөвлөлттэйгөөр сонгож өөрийнхөө хуваарийг чөлөөтэй байлгаж сурсан. Би сургуульдаа ганцаараа Ази оюутан байсан. Корнеллд байсан өдрүүдийг маань үнэхээр дурсамжтай болгож өгсөн зүйл бол найз нөхөд маань байсан.
Та Корнеллийн их сургуульд сураад дараа нь тэнд дадлага хийж ажиллаж байсан уу эсвэл шууд Монголдоо ирсэн үү?
Миний хувьд OPT буюу тэнд дадлага хийх боломжтой байсан ч шууд Монголдоо ирсэн. Тухайн үед Корнеллийн их сургуулиас үлдэж Монгол хэлний хичээл заагаач гэсэн санал тавьж байсан юм. Хэдийгээр дэлхийн шилдэг сургуульд үлдэж ажиллах нь боломжтой мэт санагдаж байсан ч миний өөрийн сурсан мэргэжил биш байсан учраас үнэхээр сайхан санал байлаа, уучлаарай, би Монгол руугаа буцахгүй бол болохгүй гээд буцаж ирж байсан л даа. Ирснийхээ дараа найзууд, гэрийнхэндээ хэлсэн чинь гайхаад дэлхийн том сургуулиас ажлын санал ирж байхад уучлаарай, Монгол явлаа гэдэг чам шиг хүн байхгүй гэж байв. Инээв.
Та мэргэжлээ яаж сонгосон вэ? Олон улсын хөгжлийн бодлого гэдэг мэргэжлээр сурсан шүү дээ?
Миний хувьд арван жилдээ хамгийн сайн хичээл нь тоо, англи хэл байлаа. Энэ хоёр хичээл дээрээ түшиглээд конкурс өгөхөд топ сонголт нь Олон Улсын харилцааны сургууль байсан. Тэгээд сурах явцдаа би нийгмийн хөгжил, хүний эрхийн хичээлүүдэд илүү сонирхолтой юм байна гэдгээ олж мэдсэн учраас энэ хүсэл эрмэлзлээ дагаад Олон Улсын Хүүхдийг Ивээх Санд орж ажиллаж байсан. Тэгээд яг энэ чиглэлээр ажиллаж байх үедээ магистр хамгаалах хэрэгтэй гэж шийдсэн. Яагаад гэвэл гаднаас ирж байгаа олон улсын байгууллагуудын зөвлөхүүдтэй хамтарч ажиллахад яг Монголын хөгжлийн асуудлуудыг хөрсөн дээр нь бууж ойлгохгүй дутагдалтай талууд их анзаарагддаг байсан. Тэгээд тэр ажлын байранд Монгол хүн ороод ажиллая гэхээр, нэгт бид нарын чадвар дутуу, тэгээд гадаад болон Монгол ажилтнуудын цалингийн зөрүү их, бидний боловсролыг Олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тухайн үед хүний эрхийн чиглэлээр суръя гэхээр Монгол улсад ямар сургуульд байх уу гээд бодоод үзэхээр хязгаарлагдмал байсан. Тэгэхээр би өөрийгөө хөгжүүлье, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн больё, Монгол улсад хөгжлийн хөтөлбөрүүдийг авчирч нийгэмд тулгараад байгаа асуудлууд дээр шийдлүүдийг гаргая гэвэл өөрөө шилдэг боловсролыг эзэмших хэрэгтэй юм байна, тэгж байж цаашдаа Монголчуудын цааш явах замналыг тавьж өгөх юм байна гэж их бодсон. Гэвч яг хүний эрхээр сураагүй, олон улсын хөгжил судлал гэсэн мэргэжлээр сураад, энэ дундаа хүйсийн тэгш эрх буюу жендерийн тэгш эрх гэж нарийвчилж хичээлүүдээ үзсэн. Магистраа хийгээд 2015 оноос өнөөг хүртэл нийгмийн хөгжил жендерийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.
Надад бас нэг зүйл сонирхолтой санагдаж байна. Таныг 2019-2022 онд Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Ерөнхийлөгч бөгөөд EducationUSA Mongolia Хөтөлбөрийн Захирлаар ажиллаж байсан гэдгээр нь олон хүн мэднэ. Харин Азийн Хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газарт Нийгмийн хөгжил, жендерийн зөвлөхийн ажлаараа яг юу хийдэг вэ?
Ер нь 2018 оноос хойш Азийн Хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн зөвлөхөөр Нийгмийн хөгжил, жендерийн газарт ажиллаж байна. Олон улсад хэрэгжиж байгаа бүхий л хөгжлийн хөтөлбөрүүдэд нийгмийн хөгжил, жендерийн асуудлыг маш ихээр чухалчилж авч үздэг. Аливаа хөгжлийн асуудал нь улс оронд хөгжлийг авчирахаас гадна хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж болохгүй. Олон улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр салбар бүрт жендерийн мэргэжилтнүүд хэрэгтэй байдаг. Гэтэл Монгол улсад байгаа мэргэжилтнүүд маань боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт ажилладаг бол уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, эрчим хүчний салбарт орж ажиллах мэргэжилтнүүд маань цөөхөн байдаг. Энэ салбаруудад жендерийн асуудал хурцаар тавигддаг. Би 2015 онд Корнеллийн их сургуулийг төгсөж ирээд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгт байгаль орчны салбарын жендерийн асуудлыг хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажиллаж байсан. Тэр үед жендерийн чиглэлээр ажиллах мэргэшсэн хүмүүс үнэхээр дутмаг байгааг их сайн ойлгож авсан. Тэгэхээр хэрэв энэ нийтлэлийг уншиж байгаа, мэргэжлээ сонгох гээд судалж байгаа хүүхдүүд байвал олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тохиолдолд нийгмийн хөгжил, жендерийн асуудал номер нэгт тавигддаг бөгөөд энэ асуудлуудыг шийдэхгүйгээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг ямар ч донор байгууллага хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр ажлын байрууд нээлттэй байдаг шүү гэдгийг мөн хэлмээр байна.
Би мэргэжлээ сонгох гэж байгаа арван жилийн хүүхэд байлаа гэхэд таны яриаг сонсоод жендерийн чиглэлээр мэргэжилтэн болохын тулд Монголд аль сургуульд суралцах хэрэгтэй вэ?
Мэргэжлээ сонгох гэж байгаа арван жилийн хүүхдүүдэд зөвлөхөд чиний сонгосон мэргэжлээр ажилласан хүмүүстэй уулзах хэрэгтэй. Мөн Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо буюу MASA-гаас 2015-2017 оны хооронд “Зөв Сонголт Гэрэлт Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд яг мэргэжлээ сонгох гээд шийдэж чадахгүй байгаа арван жилийн хүүхдүүдэд зориулаад мэргэжил сонголттой холбоотой 10 цуврал видеог бэлдсэн. Энэ 10 цуврал бичлэгт байдаг сорилуудаар өөрийнхөө сонирхлыг тодорхойлоод үзээрэй. Мөн 2020 болон 2021 онд бид Монгол улсын 12 аймагт очиж, 15 мянган хүүхэд залууст сургууль дээр нь өөрсдийнхөө мэргэжлээ хэрхэн сонгосон, англи хэлийг хэрхэн сурсан талаар болон тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдсэн хувийн туршлагуудаа хуваалцсан байгаа. Тэгэхээр манай нийтлэлийг уншиж, подкастуудыг сонсох боломжтой.
Хэрвээ миний англи хэл дажгүй, шууд АНУ-д сурмаар байгаа ч гэсэн юунаас эхлэхээ мэдэхгүй, бүх юм хол санагдаад байвал хамгийн түрүүнд яах ёстой вэ?
Яг энэ тал дээр туслах зорилгоор 2020-2022 оны хооронд Монгол дахь Америк төгсөгчдийн холбооноос EducationUSA Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр маань АНУ-д сурах хүсэлтэй оюутан залууст хамгийн сүүлийн үеийн үнэн бодит мэдээллийг хүртээмжтэй байдлаар, үнэ төлбөргүй өгөх зорилготой юм. Тэгэхээр Education USA Mongolia-тай цаг товлоод боловсролын зөвлөхүүдээс АНУ-д сурах талаар чамд тохирсон зөвлөгөө мэдээллийг өгөх болно. Чи АНУ-д хуулийн чиглэлээр сурах гэж байгаа бол хуулийн сургуулийн мэдээллийг хаанаас олох вэ, хуулийн сургуулийн ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг вэ, аль мужид очиж сурвал чамд илүү тохиромжтой вэ гэдгийг чиний өөрийн чинь мэдлэг туршлага дээр үндэслээд зөвлөгөө өгөх боломжтой. Тухайлбал, бид 2020 оны 10-11 сард тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өргөдлийн материал хүлээн авахаас өмнө хүүхдүүдийн эссэ бичих үе шатанд нь туслах ажлыг 2 сарын хугацаатай зохион байгуулсан. Энэ үеэр 70 гаруй оюутан залуучууд эссэ өргөдлийн маягтуудаа хянуулсан байгаа.
Тэтгэлэгт хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг гэхээр Монгол оюутнууд том том Засгийн газрын тэтгэлгийг л бодоод байдаг. Гэвч тухайн сургуулиас, сурах тухайн мужаас нь эсвэл олон улсын байгууллагуудаас юм уу, төрийн байгууллагаас өдөр бүр хэдэн зуун тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдаж байдаг. EducationUSA Mongolia-ын оффис дээр өдөрт доод тал нь хоёр тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл ирдэг байсан бөгөөд аль болох тухайн үед нь мэдээллийг орчуулаад сошиал хуудас дээрээ мэдээлэл оруулж ажилладаг байсан.
Дараагийн асуулт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ байгаа юу?
Миний хувьд нийгмийн хөгжил, жендерийн мэргэжилтэн учраас миний хийдэг ажлуудын нэг хэсэг нь нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах, ялангуяа боловсролын хөтөлбөрийг аль болох хүртээмжтэй байлгах тал дээр хувь хүний зүгээс маш их анхаардаг. EducationUSA хөтөлбөрийн захирлаар томилогдохдоо Америкт суралцах 5 алхам хөтөлбөрийг багийнхантайгаа нийлээд анх удаа дохионы хэлний орчуулгатайгаар гаргаж байсан. EducationUSA-ын АНУ-д суралцах 5 алхам гэсэн контентыг дэлхийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй байсныг бид Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлний орчуулгатай болгож нийтэлсэн. Мөн сургалтын хөтөлбөр гаргаад энэ хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан анги нээгээд тэр ангидаа нэг сарын хугацаатай хүмүүсийг сургаж төгсгөсөн байгаа. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд дохионы хэл нь эх хэл нь байгаа. Монгол улсын иргэн өөрийнхөө эх хэлээр бүх л мэдээллийг авах ёстой. Ялангуяа боловсролын үйлчилгээ хамгийн түрүүнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүрэх ёстой. Тийм ч учраас бид MASA-гаас гарч байгаа бүх л контентыг дохионы хэлний орчуулгатай гаргаж ажилласан. Дэлхий даяар 100 гаруй Америк төгсөгчдийн холбоо байдаг. Энэ дундаа анх удаа дохионы хэлний орчуулгатай подкаст гаргасан нь бидний хувьд маш том амжилт.
Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA-д анх яагаад орж ажиллах болов?
Би 2015 онд төгсөж ирээд сайн дурын ажил хийх сонирхолтой байсан. Гэвч яг ямар байгууллагад сайн дурын ажил хийхээ мэдэхгүй байсан. Тухайн үед нэг танил маань ийм Америкт төгсөгчдийн холбоо гэж байдаг, Монгол улсад сайн дурын ажлыг хөгжүүлэх зорилготой залуусын нэгдэл байгаа юм чи юутай ч сонирхоод үзээч гэсэн юм. Тэгээд би нэг арга хэмжээнд нь очоод өөрийнхөө АНУ-д сурсан туршлагыг хуваалцаж байсан. Тэгэхэд надад маш их таалагдаад би ийм л ажил хийх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд Америкт төгсөгчдийн холбоонд ороод сайн дурын ажил хийгээд явж байхад бид үнэхээр нийгэмдээ эерэг нөлөөтэй ажлуудыг хийдэг боловч энэ маань тогтвортой байж чадахгүй байсан. Тэгээд тогтвортой ажилладаг, давхар хөдөө орон нутгийн хүүхэд залууст хүрдэг, мөн Америкт төгсөгчдөд Монголдоо сайн дурын ажил хийх нөхцөл боломжийг бий болгох зорилго өвөрлөж явсан.
Энэ зорилго маань EducationUSA Mongolia хөтөлбөрийг авч хэрэгжүүлснээр бодит биеллээ олсон гэж боддог. Төгсөгчдийн холбоо хэрнээ бид бүтэн цагийн 4 ажилтантай, дадлагажигч оюутнуудтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 2020 онд бүтэн цагаар ажилд авч ажиллуулсан. Мөн хагас цагаар ажилладаг дохионы хэлмэрчтэй байсан. Одоо ингээд харахад байгууллагын хувьд Америкт төгсөгчдийн холбоо маань тогтвортой болж чадсан. Үүний үр дүнд нийгэмдээ чиглэсэн илүү эерэг нөлөөтэй ажлуудыг MASA-ын гишүүд хамтран хийх боломжтой болсон. Энэ үр дүнд MASA маань дэлхийн шилдэг 3 Америкт төгсөгчдийн холбооны нэгээр тооцогддог болсон. Мөн бидний сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөр маань олон улсад танигдаж, АНУ-ын Төрийн Департаментаас “EducationUSA Мongolia” хөтөлбөрийн хамт олныг “Global Outstanding Team Project” award-р 2020 онд шагнасан. Мөн манай багийнхан “Rising Star Award” гэдэг шагналыг авсан. Тэгээд анх удаагаа АНУ-ын Төрийн Департаментаас хоёр шагналыг Монгол улс авч байсан.
Танд маш их баярлалаа! Өөрийнхөө АНУ-д сурсан туршлагаа хуваалцаж, мөн хийж байгаа ажил мэргэжилтэй холбоотой цаашдаа АНУ-д сурах зорилготой хүмүүст маш хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа!
Та бүхэн Э.Билгүүний Америкт суралцсан туршлага болон зөвлөгөө мэдээллийг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж заавал сонсоорой.
Castbox:https://bit.ly/3gGi6pg
Anchor:https://bit.ly/3zKsaoH
Itunes:https://apple.co/2UgVUcx
Youtube:https://youtu.be/e6m76Xvh_wo