Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу.
Юуны өмнө намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Батсүрэнгийн Баттүшиг гэдэг. Би 2011 онд хуулийн сургуульд тэнцээд АНУ руу явж байсан. Сургуулиа 3 жил суралцаж 2014 онд төгсөөд, Иллиной муждаа хуульчийн Bar буюу мэргэжлийн шалгалтаа өгсний дараа Монголдоо буцаж ирээд 2015-2022 он дуустал DB>S хуулийн фирмд хуульчаас нь авахуулаад Партнер хүртэл ажилласан. Одоо Ондо Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
Элсэлтийн тухай ярихаасаа өмнө АНУ болон Монгол Улсын хуулийн системийн гол ялгаанууд, ижил төстэй зүйлүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
Хамгийн ерөнхий нэг ялгаа гэвэл Америк, Англи, бас Зүүн Өмнөд Азийн зарим улсууд буюу Хонконг, Сингапур нь Case-based law системтэй байдаг. Тэр нь юу вэ гэхлээр шүүхийн шийдвэрийг үндэслээд хууль эрх зүйн ойлголтууд нь тогтоод явдаг. Шүүхийн шийдвэр тэгэхээр маш их нөлөө бүхий байдаг. Мэдээж эдгээр орнууд бүгд өөрийн гэсэн бичигдмэл хуультай боловч тухайн хуулийг яаж ойлгож тайлбарлах вэ гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоож явдаг юм. Монголд мэдээж бас бичигдмэл хуулиуд болон шүүхийн шийдвэрүүд ч гэсэн гардаг. Гол ялгаа нь гэвэл нэг хуулийг тайлбарлаад шүүхийн шийдвэр гарчихсан байхад тэр нь заавал дараачийн шүүхийн шийдвэрт нөлөөлөх юмуу дагана гэсэн ойлголт байхгүй. Мэдээж энэ хоёр тогтолцооны дунд нь ялгаа бага зэрэг байгаа. Гэхдээ яг хууль эрх зүйн хувьд үндсэн зарчмууд нь нэг байдаг.
Тэгэхээр Монгол Улс ер нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хууль эрх зүйн системийн ямар школ, үндсэн зарчмыг баримталдаг юм бэ?
Ерөнхийдөө манай хэрэгжүүлж байгаа батлагдсан хуулиуд маань Германы эх газрын систем дээр үндэслэн батлагдаж явдаг байгаа.
АНУ-д хуулийн чиглэлээр бакалаврын буюу одоо 4 жилийн боловсролын зэрэг гэж байдаггүй, ихэвчлэн шууд магистр юм уу Juris Doctor буюу хуулийн доктор гээд явчихдаг шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бол? Яагаад бакалаврын зэрэг байдаггүй юм бол?
Яг ямар учиртай анх ийм систем тогтсоныг бол би сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Bar-ын буюу Хуульчдын мэргэжлийн холбоод гэж байдаг. Муж бүр өөрийн гэсэн Хуульчдын мэргэжлийн холбоодтой байдаг. Тэдгээр холбооны үйл ажиллагаа нь зөвхөн хуульчдадаа зориулсан, босгыг нь давсан хүмүүсийнхээ мэргэжлийг хамгаалахад чиглэдэг. Тиймээс эдгээр холбоог хуульч болох босгыг өндөр болгож өгдөг шалтггаануудын нэг гэж би хувьдаа хардаг. Ерөнхийдөө Америкт эмч болоход бас ойролцоо. Шууд 10 жилээ төгсөөд эмчийн сургуульд явна гэж байдаггүй. Бакалаврын сургууль төгсөөд, шалгалт өгөөд тэгээд эмчийн сургуульд ордог. Яг үүнтэй адилхан хуульч нар маань бакалаврын зэргээ авсныхаа дараа LSAT шалгалт өгч хуулийн сургуульд 3 жил сурдаг. Дараа нь Bar буюу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж байж одоо л нэг хуульчаар ажиллах эрх юм уу, өмгөөлөх, төлөөлөх эрхээ авдаг.
Тэгэхээр ерөнхийдөө хуульч болох босгыг нь өндөр болгож өгч байна. Суралцах хугацаа урт байна гэдэг маань хүмүүс илүү боловсорч байна аа л гэсэн үг шүү дээ тиймээ?
Тийм. Хуулийн докторын хөтөлбөрт эхний жилдээ очиход оюутнууд нь маш мундаг байсан. Тэгэхээр хуулийн сургуулийн 1 дүгээр курсийн оюутнууд бол бүгд юу хийхээ, юу сурахаа мэдчихсэн, ийм газар очно гэдгээ ер нь тодорхойлчихсон хүмүүс байдаг юм байна лээ.
Америкт хуулийн магистр (LLM) болон доктор (JD) гэсэн хоёр хөтөлбөрийн гол ялгаа нь юу байдаг бэ?
JD буюу докторын хөтөлбөр нь 3 жил байдаг. Эхний жилд нь бол шууд тогтчихсон хөтөлбөрийн дагуу хичээлүүдээ үзээд явчихдаг. Үндсэн нарийвчилсан хичээлүүдээ дараагийн жилээсээ сонгоод явчихдаг. LLM буюу магистрын хөтөлбөр болохоор ерөнхийдөө арай богиносгосон буюу 1 жилийн хугацаанд хичээлээ сонгоод явдаг. АНУ-д хуулийн фирмд ажиллая гэвэл докторын зэрэг хамгаалаад, Bar-ийн мэргэжлийн шалгалтанд тэнцсэн байвал боломж нь бүрдэж байна гэсэн үг. Харин дан магистрын зэрэгтэй ажиллана гэвэл боломж бага гэж ойлгож болно.
Уг хоёр хөтөлбөрийн элсэлтийн шалгуур, шаардлага нь хоорондоо хэр төстэй вэ эсвэл өөр байдаг уу?
Шалгуур нь хоорондоо арай өөр гэж бодож байна. Би өөрөө аль алиных нь элсэлтэнд орж үзээгүй. Миний мэдэхээр JD буюу докторын хөтөлбөрт элсэж орох хүсэлт гаргахдаа LSAT шалгалтыг өгдөг. Энэ нь миний хувьд өгч байсан маш хүнд шалгалтуудын нэг байсан. Шалгалтын онооны хэлбэлзэл буюу авсан оноо нь их байх тусмаа сайн сургуульд хуваарилагдана. Энэ шалгалтын шалгуур нь бакалаврын дүнгээс илүү чухал байдаг. LLM буюу магистрын хөтөлбөрийн хувьд бол ийм шаардлага байхгүй. Харин ажлын туршлагаа сайн харуулж чадвал орох өнлөр боломж байгаа харагдсан. Шалгуураас гадна анзаарсан зүйл гэвэл оюутны тогтолцоо нь байсан. Жишээ нь JD буюу докторын хөтөлбөрийн оюутнуудын дийлэнх буюу 90% нь АНУ-ын оюутнууд, харин LLM буюу магисртын хөтөлбөр дээр харахаар Монголын хувьд гэхэд их сургуулиа төгсчихсөн, Монголд тодорхой ажлын туршлагатай хүмүүс материалаа өгөөд Америкийн хууль зүйн тогтолцоо, систем зэргийг суръя гэсэн хүмүүс илүү их байгаа харагддаг.
Шалгууруудын нэг бол LSAT шалгалт гэж хэллээ. Энэ талаар бас тайлбарлаж өгнө үү.
LSAT нь Law School Admission Test гэсэн нэртэй шалгалт байгаа. Энэ нь ерөнхийдөө логик сэтгэлгээ болон уншлага гэсэн хэсгээс бүрддэг. Хэлний биш мэргэжлийн шалгалт учир унших хэсэгт нь нилээн урт өгүүлбэрүүдийг маш богино хугацаанд хариулах шаардлагатай болдог. Тиймээс хурдан уншиж анализ хийгээд хариултаа гаргах хэрэгтэй. Мөн дотор нь GMAT шалгалтад ирдэг логик асуултууд орсон байдаг.
Америкт хуулийн чиглэлээр суралцахаар хүсэлт гаргахад эссэ голлох үүрэг гүйцэтгэдэг үү? Хуулийн сургуульд ямар байдаг бэ?
Том сургуулиуд 300 хүүхэд авах байхад бараг 500 хүүхэд хүсэлт гаргаж болно. Тэр дундаасаа ялгарах хэрэгтэй. Яагаад бусад хүүхдүүдээс илүү чамайг сонгож авах ёстой вэ гэдгийг эссэгээр чинь л шалгаруулна. Мэдээж хүсэлт гаргаж байгаа хүүхэд бүхэн тэр шалгууруудыг хангасан бас өндөр оноотой байгаа. Тэгэхээр чи эссэгээрээ л ялгарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд чиний LSAT шалгалтын чинь оноо өндөр байх ёстой. Эссэ тэнцэхэд их хувь нэмэртэй байна гэж бодож байна. Миний хувьд эссэ бичихэд бас амаргүй байсан. Нэг эссэгээ бараг 4 сар сууж бичсэн.
LLM магистр болон JD докторын хөтөлбөрт ажлын туршлага шаарддаг уу?
Тодорхой шаардлага байхгүй ч гэсэн туршлагатай байвал илүү давуу тал болно. Чиний бүх шалгалтын материал чинь бусадтай адилхан байгаа цагт чиний ажлын туршлага чинь чамд давуу тал болох боломжтой. Тэнд ажлын туршлага нь заавал хуулийн чиглэлээр биш өөр ажил хийж байсан ч хүмүүс байдаг. Жишээлбэл, манай ангид 1 дүгээр курст ороод бүгд хоорондоо танилцахад хуулиар ажиллаж байсан хүмүүс байгаагүй. Тэндхийн Конгрессын гишүүний туслахаар ажилласан, зарим нэг нь инженер мэргэжилтэй хүн ч байсан, пицца хүргэдэг хүн ч байсан. Өөр ажил хийж байсан хүмүүс олон байсан.
Хичээл дээр оюутнуудын маш ихээр шалгуур болдог зүйл гэвэл 4-5 кейс жишээ өгөөд уншиж судлах даалгаврууд байдаг. Тэгээд хичээл дээр “За Батсүрэнгийн Баттүшиг тэр хичээлийн тэр жишээ ямар байсан бэ” гээд л шууд асуучихдаг. “Баттүшиг тэгж бодож байгаа юм байна. Чи юу гэж бодож байна” гээд дараагийн хүүхдээс асуугаад явчихдаг байсан. Ингэснээр хүн бүрийн бодлыг сонсох цаг гаргаж өгөөд, хичээлээ уншиж судалсан байна уу үгүй юу гээд шалгаад хоорондоо ярилцаад хийдэг хичээл байсан. Тэгээд шууд дуудчихдаг болохоор тэр хичээл дээр гэрийн даалгавраа заавал хийсэн байх шаардлагатай байдаг.
Англи хэлээр хуулийн сургуульд сурахад мэргэжлийн англи хэл сайн байх шаардлагатай юу? Энэхүү сорилтуудыг та хэрхэн даван туулж бэлдсэн бэ?
Миний хувьд нэг давуу тал болж байсан зүйл гэвэл би Бакалаврын зэргээ АНУ-д сурч төгссөн байсан. Dickinson State University-д “Улс төрийн шинжлэх ухаан” чиглэлээр 3 жил сурсан байсан. Тэнд байхдаа их ном уншдаг, уншсан зүйлийнхээ дагуу их олон бие даалт хийж, эссэ бичдэг байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ хуулийн сургуульд сурахад би өөрийгөө гайгүй байх гэж бодож байсан ч дутагдалтай талууд байсан.
Гадаадын оюутан болж байгаа бол яг тэр тал дээрээ дахиад илүү суух хэрэгтэй. Илүү сурах ёстой юм байна лээ. Хуулийн сургуульд сурахдаа бакалаврт сурсан шигээ арга барилаар сурах гэсэн чинь хангалтгүй байсан. Өөрийгөө болоогүй байна гэдгээ их сайн ойлгож байсан. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Манай сургуулийн давуу тал нь legal writing буюу хууль зүйн бичлэг гэдэг хичээл эхний 2 жил буюу 4 семестр дараалж ордог. Тийм хичээл дээр их анхаарал хандуулдаг байсан. Тэр хичээл дээр нэг профессор багштайгаа хамт суугаад дутуу байгаа зүйл дээрээ ажиллаж, багшийн зөвлөж заасны дагуу бичээд нэлээн сууж юм их уншсаны хүчинд арай нэг гайгүй болоод сайжраад ирсэн.
Тэгэхээр JD буюу Докторын зэргийн хувьд 3 жил суралцдаг хөтөлбөр байгаа. Энэ 3 жилийн турш Америкт сурахад хамгийн хүнд хэцүү зүйлтэй тулгарсан жил нь хэзээ байв?
За ер нь ямар ч хуулийн оюутнаас асуусан эхний жил бол хүнд байдаг. Миний хувьд ч гэсэн адилхан байсан. Яагаад гэхээр ангийг хоёр хуваачихдаг юм. Эхний хоёр хүүхэд л (А) дүн авна. Дараагийн 50 хүүхэд (А-) авна. Түүний дараах 70 хүүхэд (B+) дүн авна гээд хооронд нь өрсөлдүүлдэг системтэй байсан. Найзуудыг хүртэл хооронд нь өрсөлдүүлдэг юм. Тэгэхээр би гадаад оюутан гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Дүнгээ гайгүй л гаргачих юмсан гээд л их хичээдэг байсан. Хэлний хувьд хойш татах гээд байдаг ч гэсэн аль болох тэр шилдэг эхний 25 хувьд нь багтах гээд л хичээнэ. Тэгээд 2 дахь жилээсээ хичээлийн явц арай өөр болоод ирдэг. Хичээлдээ дасаад, хүүхдүүд нь ч цөөхөн болоод дүнгийн тэр өрсөлдөх систем нь ч өөр болоод ирнэ. Багш нартайгаа илүү нээлттэй ярилцаад арай нэг чөлөөтэй болоод ирдэг. Эхний жилд нилээн хүнд айлгадаг хуулийн хичээлүүдийг үздэг. Тухайлбал, Гэрээний Эрх Зүй, Үндсэн Хуулийн Эрх Зүй, Гэм Хорын Эрх Зүй, Хөрөнгийн Эрх Зүй гэсэн 4 хичээл маш хүнд байсан.
Bar буюу хуульчийн мэргэжлийн шалгалт өгөхгүй л бол хуулийн чиглэлээр ажиллах боломжгүй. Таны хувьд тухайн шалгалтыг өгсөн талаараа бас бидэнтэй хуваалцана уу.
Хуулийн сургуульд орох маань эхний босго. АНУ-д бол яагаад хуулийн сургуульд орж байгаа талаараа бүгд л эртнээс бэлтгэлтэй сурдаг болохоор эхний курст байхаасаа л энд тэнд дадлагын ажил хийгээд эхэлдэг юм. Тэр нь би Bar-ын шалгалтад тэнцэнэ гэсэн зорилготой байгаагийн том илрэл юм. Тэгээд сургуулиа төгсөөд яг маргаашаас нь Bar-ын шалгалтдаа бэлдээд эхэлдэг. Ажлын байранд орохын тулд Bar-ын шалгалтад тэнцсэн байх ёстой. Ажлын байранд орох хамгийн том нөхцөл нь уг шалгалт байдаг.
Bar-ын шалгалтын хувьд ямар хэмжээний бэлтгэл, хугацаа шаарддаг бэ?
Миний хувьд бүтэн 2 сар яг өглөө 8 цагт босоод, орой 6 цаг хүртэл бэлддэг байсан. Одоо АНУ-д онлайнаар бэлдэх боломж бас байдаг болсон. Мөн сургалтад сууж бэлдэж болдог. АНУ бол муж бүр өөр өөрийн гэсэн Bar-ын эрхтэй байдаг. Иллиной мужийн хувьд 2 өдөр шалгалтыг авдаг бөгөөд эхний өдөр нь тест, дараагийн өдөр нь бичгийн шалгалт байдаг. Би Иллиной мужийн Bar-ын шалгалт өгсөн болохоор тухайн мужийн хуулиар тайлбар өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр муж бүр өөрийн гэсэн Bar шалгалттай байдаг. Өөр мужид Bar-ын буюу хуульчийн мэргэжлийн эрх авсан бол тэр муждаа л хуулийн чиглэлээр ажиллах эрхтэй байдаг.
Гадаадад хуулиар сурч ирээд Монголдоо хуулиараа практик хийж байгаа хүмүүсээс түгээмэл асуугддаг асуулт нь гадаадын хууль эрх зүйн тогтолцоог сураад ирсний дараа Монголын хуультай хэрхэн авцалдуулдаг бэ?
Миний харж байгаагаар тухайн улсад сурсан хуулийн мэдлэг нь Монголд ирсэний дараа давуу тал болдог гэж анзаарагдсан. Түрүүн хэлсэнчлэн хуулийн ерөнхий зарчмууд нэг байдаг. Харин нөхцөл байдал, тохиолдлоосоо хамаараад нарийвчилж авч үздэг. Тэгэхээр ерөнхий зарчмуудыг нь сайн сураад Монголд ирсэний дараагаар Монголын Иргэний хуулийг уншихаар ерөнхий зарчмууд нь надад нилээн ойролцоо санагдсан. Америкт JD буюу Хуулийн Доктороор төгсөөд ирсэн миний хувьд манай хуулийн фирмийн үйлчлүүлэгчдийн 90-95% нь гадаад хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс маань өөрсдийнхөө улсын хуулийн фирмүүдтэйгээ ирдэг бөгөөд тэдгээр гадаад хуульчидтай англиар ойлголцох болон Монголын хуулийг тайлбарлахад төвөггүй байдаг.
Та сургуулиа төгсөж ирээд ямар чиглэлээр ажилласан туршлагаа хуваалцана уу?
Миний ажиллаж байсан хуулийн фирмийн үйлчлүүлэгч нарын 90-95 хувь нь гадны үйлчлүүлэгч нар байсан. Манай фирм илүү банк санхүүгийн чиглэлээр ажилладаг. Ер нь энэ тал дээрээ илүү туршлагатай. Би өөрөө ч гэсэн энэ тал дээр нэлээн олон төсөл дээр ажилласан..
Бас эрчим хүч буюу нар салхины эрчим хүчний чиглэлээр ажиллах боломж тохиосон. Монгол өөрөө өргөн уудам нутагтай. Эрчим хүчний арвин бааз, нөөцтэй газар гэдэг утгаараа Монголд хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцсон бөгөөд энэ тал дээр бүүр анхан шатнаас нь хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Хуульчаар ажиллаж байхад таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?
Монгол улс маань ер нь улирлын шинжтэй байдаг. Жишээ нь, баяр ёслол ихтэй үеүдэд ажил ер нь багасдаг. Гэхдээ цахим шуудангаа шалгах, хариу илгээх гэх мэтчилэн утсан дээр ихэнх ажил явдаг байсан. Ялануяа түрүүнд хэлснээр манай фирмийн харилцагчдын ихэнх нь гадаад хүмүүс байдаг учир цагийн зөрүүнээс болоод зайлшгүй үед гүйцэтгэх хэрэгтэй ажил гарвал тухайн үед нь хийх хэрэгтэй болдог байсан. Мөн манай хуулийн фирм нь хуульч нартайгаа их тулж ажиллдаг. Санаагаа хуваалцах, зөвлөгөө өгөх зэргээр хамтарч багаар ажилладаг. Дээрээс нь залуу туслах хуульч нартаа ментор хийх буюу чиглүүлэг өгөх зэргээр тодорхой хэмжээний цаг хугацаагаа өнгөрөөдөг байсан.
Сайн хуульч байхын тулд аливаа хүн ямар зан чанар, чадвартай байх хэрэгтэй бэ?
Миний бодлоор хамгийн түрүүнд Attention to Duty буюу ажил хийхдээ том, жижиг гэлтгүй анхаарал хандуулж, сэтгэлээ гарган нямбай гүйцэтгэх чадвар нь сайн хуульч болох анхны алхмуудын нэг гэж бодож байна. Тэгээд сайн хуульчийн хувьд хандлага их чухал. Аливаа ажлыг эцсийн байдлаар бэлэн, үйлчлүүлэгчид ойлгомжтой, сэтгэлд нь нийцэхээр хийхийг эрмэлздэг байх нь сайн хуульч болохын нэг алхам юм.
JD буюу Докторын зэргээр суралцъя гэвэл хэзээнээс эхэлж бэлдвэл зүгээр вэ?
Миний хувьд бол үнэндээ LLM магистр болон JD докторын хөтөлбөр гэж байдаг гэдгийг анх мэддэггүй байсан. Хуульч болох хүсэлтэй, бас Америкт очиж суралцъя гэж зорьдог байсан. Тухайн үед энэ хүсэл зорилгодоо хүрэхийн тулд TOEFL өгөх хэрэгтэй гэсэн ойлголттой л байсан. Харин Америкт бол оюутнууд нь ахлах сургуулиасаа эхлээд JD буюу Докторын хөтөлбөрт материалаа өгнө гээд бэлдээд эхэлдэг юм байна лээ. Миний хувьд бол арван жилээ төгсөөд МУИС-ийн Хуулийн зүйн сургуульд 2003 онд элсэж ороод хэсэг хугацаанд сурсан. Дараа нь Америк руу явах боломжууд гарч ирсэн. Америкт очоод сургуулийнхаа багштай ярилцсан бөгөөд бакалаврын зэргээ эзэмшсэний дараа хуулийн сургуульд сурах хэрэгтэй байдаг гэдгийг сайн мэдээгүй очоод дараа нь сурах явцдаа мэдэж авсан.
Эргээд харахад ямар чиглэлээр Бакалаврын зэргээ хамгаалвал JD буюу Хуулийн Докторын зэргээр суралцахад илүү дөхөм хэрэгтэй болдог бэ?
Миний хувьд бол Бакалаврын зэргээ “Улс Төрийн Шинжлэх Ухаан” чиглэлээр сурч байсан. Тухайн үед Монголд ирсэнийхээ дараа ажил олгогчдоос улс төрөөрөө явахгүй юу дөө гэх мэт үгийг сонсож байсан. Тэр үед би амьдралынхаа 3 жилийг юунд зарцуулчихавдаа гэж бодож байсан. Тэр үеэс миний ойлгосон зүйл гэвэл амьдралынхаа 4 жилийг зарцуулж сурч байгаа учраас өөрт чинь цаашдаа хэрэг болохоор нарийн мэргэжлээр бакалавраа сурвал зүгээр юм байна гэж зөвлөх байна.
Одоо би тэр үед буцаж очвол санхүүгийн чиглэлээр сурах байсан. Манай хуулийн фирмийн нилээн их ажил нь банк санхүүтэй холбоотой байдаг. Тэгэхээр хэрвээ би санхүүгийн чиглэлээр сурсан байсан бол арай дөхөм, өөр байх байсан.
Урилгыг маань хүлээн авч бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Маш сонирхолтой мэдээлэл өглөө. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье!