Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таныг микрофоны өмнө урьж байна. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад өгөөрэй
Сайн байцгаана уу. Намайг Халиунаа гэдэг. Би 2022 онд АНУ-ын Ohio мужид байрладаг University of Akron-д эдийн засаг, улс төр, философийн мэргэжлээр сурч бакалаврын зэргээ хамгаалаад эх орондоо ирсэн.
Арван жилээ хаана төгссөн мөн Америкт сурах шийдвэрийг яагаад гаргасан бэ?
Би Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн Англи хэлний ангийг төгссөн. 11-р ангиасаа Америкт сурах мөрөөдөлтэй болсон л доо. Тэр үед Хобби сургуулийн төгсөгч Харвардад сурдаг Билгүүний нийтлэл их гардаг. Түүнийг хараад би ч гэсэн бэлдээд оролцоод үзье гэж бодоод SAT, TOEFL-д бэлдэж эхэлж байлаа. Бас багшийн дээдэд байдаг Боловсрол зөвлөгөө мэдээллийн төвийн номын санд сууж, номуудыг нь уншдаг байсан. Education USA гээд академи байсан тэр үед. Тэндээс тэтгэлэг аваад Америкт очих боломж олдсоны үндсэн дээр энэ миний сурах газар мөн юм байна гэж бат итгэлтэй болсон доо.
Төгсөх ангийнханд хандаад SAT-д хэрхэн бэлдсэн тухайгаа ярьж өгөөч?
Хоёр, гурван сургалтын төвд явсан. Гэхдээ өөрөө бие даагаад, номыг нь аваад бэлдсэн нь дээр юм шиг санагдсан. Шалгалтын онцлогийг сайн ойлгочих юм бол бэлдэхэд илүү амар юм билээ. Шалгалт нь сар бүр авагддаг. Материалын агуулгын хувьд бас нэг л хэлбэрээр авагддаг. Түүнийг нь сайн ойлгох нь чухал. Номын санд суунгаа бусадтай хамт бэлдвэл бас их зүгээр юм билээ.
Education USA Academy-ийн талаар манай сонсогчдод мэдээлэл өгөөч?
Анх Боловсрол зөвлөгөө мэдээллийн төвөөс сонсож байсан. Миний явсан программ нь 20 гаруй Америкийн их сургууль руу явуулах хөтөлбөр байсан. Зун гадаадын олон орноос хүүхдүүд авчраад кампус дээрээ байлгаад Англи хэлний хичээл ордог. Миний очсон сургууль нь Washington University in Saint Louis байсан. Тэнд очоод сар амьдарсан.
Америкт сурахаар очсон анхны сэтгэгдэл ямар байсан вэ?
Би 17 настай хүүхэд очиж байгаа шүү дээ. Анхны бүх зүйл хүмүүс, орчин гээд надад их таалагдсан. Гоё дурсамж болж үлдсэн.
Сурсан сургуулийн хувьд ямар байсан вэ?
Сурах орчин, боловсон хүчин сайтай, чанартай академик боловсрол олгодог сургууль юм билээ. Маш завгүй л байна гэсэн үг. Хөтөлбөрөө дуусгаад буцахдаа би заавал эргэж ирээд бакалавраар 4 жил сурна гэж өөртөө амлаад, түүндээ ч хүрсэндээ баяртай байдаг.
Ахлах сургуулиа төгсөөд шууд Америкт очиж сурсан уу?
Миний хувьд ахлах сургуулиа төгсөөд жилийн чөлөө авсан л даа. Тэгээд Боловсрол зөвлөгөө мэдээллийн төвд ихэнх цагаа өнгөрүүлсэн. Энд үед өөртөө эргэлзэх үе гарна. Гэсэн ч нэгэнт зорьсон учраас нийт 14 сургуульд элсэх хүсэлтээ өгч байсан юм. Яагаад гэвэл надад алдах зүйл байхгүй шүү дээ. Би 7,8 сургуульд тэнцээд тэтгэлэг авах боломжтой болсон. Үүний нэг болох University of Akron-аас надад бүтэн тэтгэлэг өгөхөөр болсон юм.
Төгсөх ангийн, гадагшаа сурах хүсэлтэй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Чиний өмнө маш олон боломж, олон тэтгэлгүүд байгаа. Хичээл ихтэй байсан ч өөрийнхөө төлөө зав гаргаад сайн хайгаад үзээсэй гэж бодож байна. Тухайн сургуулийн сайт дээр хэдэн хувийн тэтгэлэг өгөх нь байж байгаа. Мөн чиний орохыг хүссэн сургууль ямар нэг тэтгэлэг өгдөггүй байвал тухайн сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтантай нь холбогдоод: Танай сургуульд орохыг маш их хүсэж байна, танайхтай хамтардаг хувь хүн, эсвэл байгууллага байна уу? Тэтгэлэг авах ямар боломж байж болох вэ? гээд асуугаад үзэхэд илүүдэхгүй.
University of Akron сургуулиас яаж тэтгэлэг авсан тухайгаа хуваалцаач?
Энэхүү их сургууль маань жилд 1 удаа 1 оюутанд 100 хувийн тэтгэлэг олгодог. Үүнд нь хоол, байр, даатгал, амьдрах өртөг, их сургуулийн төлбөр багтдаг. Тэгэхээр 4 жил үнэгүй сурна гэж ойлгож болно. Тэр оюутан нь болж чадсандаа миний хувьд баяртай байдаг. Америкт сурах мөрөөдлийг минь биелүүлж өгсөн. Тухайн сурагчийн сургуулийн идэвх, сурлага, санхүүгийн байдлыг нь харгалзаж үздэг.
Сургуульдаа тэнцэж орохдоо дээр дурдсан тэтгэлгийн анкетаа хамт бөглөдөг үү?
Тус тусдаа байдаг. Эхлээд сургуульдаа тэнцэж ороод хэсэг хугацааны дараа материалаа өгч болно.
Амьдарч байсан газрынхаа талаар мэдээлэл өгвөл?
Миний сурсан сургууль Оhio мужид байдаг. Өвөлдөө цас ихтэй. Зундаа бороо их ордог. Цаг агаарын хувьд чийглэг уур амьсгалтай. Өвөл 1 сард цас их орсон үед заримдаа хичээл ордоггүй. Зам дээр явах боломжгүй болчихдог. Гоё зүйл нь гэвэл хүмүүс нь их найрсаг, амьдралын өртөг бага, Chicago, Boston зэрэг хотуудыг бодвол жижиг хот. Хүсвэл том хотууд руугаа 4, 5 цаг нисээд очиж болно. Бас нэг зүйл нь Akron нь Lebron james-ийн төрсөн газар. Тэнд түүний байгуулсан орлого багатай айлуудын хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургууль байдаг.
Анх Америкт очиход чамайг гайхшируулсан зүйл байсан уу?
Би Америкийг бүхэлд нь том өндөр, өндөр барилгатай хотуудаар төсөөлж байсан ч, миний очсон Akron хот гэхэд 200 мянга орчим хүн амтай жижиг хот байсан. Мэдээж олон найзуудтай болж, сайхан дурсамжтай үлдсэн.
Америкт сурч байх үеийн хамгийн гоё дурсамжаасаа бидэнтэй хуваалцвал?
Олон гоё дурсамж байгаа. Хамгийн гоё нь сургуулийнхаа шилдэг 10 төгсөгчийн нэгээр шалгарсан явдал юм. Сургуулийнхаа жил бүр гардаг алдрын шилэн самбарт Халиунаа Баасанхүү гээд бичүүлсэн нь, тэр нь хадгалагдаж үлдэнэ гэж бодохоор сайхан санагдсан.
Анх 11-р ангид байхдаа Times Square-ын зургаар зөөврийн компьютерынхоо дэлгэцийн зураг болгоод, очиж үзнэ ээ гээд бодож байсан бол 2-р курст байхдаа яг шинэ жилийн өвөл очиж үзсэн байдаг юм. Мөн би сурч байхдаа өрөөний ханандаа сонсох дуртай хамтлагийнхаа зургийг хэвлээд тавьчихсан байсан. Америкт байхад миний байсан газар тэр хамтлаг маань ирж тоглохоор болоод, очоод тоглолтыг нь үзэж байсан. Юу гэдэг билээ нүдэнд харагдтал бодит юм шиг төсөөлөөд харж чадвал биелдэг гэдэг шиг л зүйл болсон.
Анх сургуульдаа очоод хэрхэн дасан зохицов, хэрхэн найз нөхөдтэй болж байсан вэ?
Хоёр чемодантай, 18 настай, таньж мэдэх хүнгүй анх Америкт очиход эхэндээ эвгүй байсан үе бий. Дээрээс нь амьдарч байсан газарт маань надаас өөр Ази хүнгүй. Хүмүүс намайг хэн гэдгээр маань биш нэг Ази охин гэж хардаг юм шиг надад мэдрэгддэг байсан. Харин 1, 2 жилийн дараагаас би өөрөө хэтрүүлж бодоод байсан гэдгээ ойлгосон юм. Миний хувьд хичээлийнхээ хажуугаар 20 цагийн ажил хийгээд, 2-3 сургуулийн клубт хамрагдаад, ширээний теннисний багт тоглодог байлаа. Цагийн менежмент сайн хийж сурсан.
Бүрэн тэтгэлэгт хамрагдсан ч гэсэн ажил хийх шаардлага гарч байсан гэсэн үг үү?
Хэдийгээр бүрэн тэтгэлэг авч байгаа хэдий ч хэрэглээний мөнгө тодорхой хэмжээнд хэрэг болдог. Би сургуулийнхаа оюутны хотхоны оюутны хөгжлийн төвд нь ажиллаж байсан юм.
Америкт суралцсан нь хувь хүний хувьд, мэргэжлийн хувьд хэрхэн нөлөөлсөн вэ?
Аливааг илүү олон талаас нь харж сурсан. Эрх чөлөөний оронд очсоных чөлөөтэй сэтгэж сурсан. Өөрийн зөв гэсэн зүйлдээ бусдын юу гэх нь хамаагүй тууштай байхыг сурсан.
Өөрийнхөө сурсан мэргэжлийн талаар бидэнтэй хуваалцаач?
Философи, улс төр, эдийн засаг судлал гэж ойлгож болно. Энэ 3 ухааныг хамтад нь судалдаг. Хуулийн чиглэлээр сурах гэж байгаа хүнд гоё суурь болохуйц мэргэжил. Маш өргөн хүрээний мэдлэг олж авна гэсэн үг. Сайн тал нь аливааг илүү далайцтай, өргөн утгаар харна. Сул тал нь хэдий 3 шинжлэх ухааныг хамт судалж байгаа ч, хэт ерөнхий болох гээд байдаг тал бий. Тийм учраас би 2 дахь мэргэжил сонгосон, тэр нь эдийн засаг байсан. Эдгээр 3 шинжлэх ухааны аль нэгээр сурч байгаад, аль нэгийг нь гүнзгийрүүлэн сурах боломжтой гэсэн үг. Хөрвөх чадвартай ч гэж болохуйц л даа.
Мэргэжлээ сонгох гэж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?
Эхлээд дэлхий дахинд одоогоор ямар нарийн мэргэжлүүд байгааг олж мэдэх нь чухал юм болов уу. Сонирхсон мэргэжлээрээ дадлага хийж болно. Эсвэл чиний сонирхсон мэргэжлээр ажилладаг хүнтэй уулзаад мэргэжлийн сайн, муу тал, юу хийдэг зэргийг нь асууж болно. Зарим сургуулийн хичээл дээр байж байдаг. Жишээлэхэд Сэтгэл судлалын үндэс гээд хичээлийг товчлоод үзвэл, цаашдаа чиний хийх ажил энэ мөн үү биш үү гэдэг нь харагдана.
Мөн MASA –гаас гаргасан Зөв сонголт миний ирээдүй гэсэн тест байдаг.
Англи хэлийг сурахыг хүсэж байгаа залуустаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Байнгын хэрэглээ болгоорой гэж хэлмээр байна. Багахан л хэрэглэхгүй орхиход мартагдах гээд байдаг. Мөн янз бүрийн ярианы клубүүдэд очиж үзэх хэрэгтэй. Хэрэв эргэн тойронд чинь тийм клуб байхгүй бол өөрөө үүсгэж яагаад болохгүй гэж тийм биз дээ.
Яг одоо Америк явж сурахыг мөрөөдөж яваа залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Бидний амьдарч байгаа дижитал эрин үед бид хайсан бүх зүйлээ олж чадах маш их боломжийн дунд амьдарч байна. Чи үнэхээр юу хүсэж байна? Түүнийхээ төлөө зорилго гаргаад хичээвэл хүссэндээ заавал хүрнэ. Мэдээж амархан биш. Гэхдээ боломж үргэлж байдаг гэдэг дээ.
Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад ээлтэй юу?
Сургуульд очоод хамгийн түрүүнд анзаарсан зүйл энэ байсан. Орох хаалганаас эхлээд, анги танхим нь тэргэнцэртэй хүн ороход зориулж онгойдог товчлууртай. Лекцээ бичиж амжаагүй бол бусад оюутны тэмдэглэлийг авч болно. Тэмдэглэлээ өгсөн оюутныг урамшуулдаг байх жишээний. Бас автобуснууд тэргэнцэртэй хүн зорчиход ээлтэй. Жолооч нь бууж ирээд тухайн хүнийг зориулалтын сандалд нь бэхэлж өгдөг гэх мэт.
Яагаад MASA-г сонгож сайн дурын ажил хийхээр болсон вэ?
Миний хувьд нийгэмдээ өгнө гэдэг нь утга учиртай зүйл л дээ. Монголд ирээд хамгийн түрүүнд хийхийг хүссэн зүйл нь нийгэмдээ зориулсан төсөл хөтөлбөрт ажиллах байсан. Тиймээс миний зорилготой нийцэж байсны хажуугаар надтай адил Америкт суралцаад ирсэн үеийнхэнтэйгээ хамт ажиллах надад таалагдсан. Тийм учраас Монгол дах Америкт төгсөгчдийн холбооны ТУЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаадаа баяртай байна.
Бидний урилгыг хүлээн авч Америкт хэрхэн суралцах, тэр дундаа тэтгэлэг хэрхэн авах талаар үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.