Alumni stories

Д.Амараа "Washington University in St. Louis"-ийн төгсөгч

Урилгыг хүлээн авч оролцож байгаа танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач.

Энэ өдрийн мэнд хүргэе. За, намайг Амараа гэдэг нийгмийн ажлын магистрын зэргийг АНУ-ын Миссури мужийн “Brown School at Washington University in St. Louis”-д хамгаалсан. Биднийг анх 2003 онд очиход 150 жилийн ойгоо тэмдэглэж байсан ийм эртний сургууль. Энэ сургууль нь нийгмийн ажил чиглэлээрээ АНУ-д 2-т жагсдаг. Дотроо олон салбар сургуультай.

Та анх англи хэлийг хэрхэн сурч байсан туршлагаасаа хуваалцаач.

Одоогийн хүүхдүүд шиг биднийг дунд сургуульд байхад, цэцэрлэгт байхдаа багаасаа хэл сурах боломж байгаагүй. Яг л дунд сургуульдаа сураад, орос хэлээ үзээд явдаг байлаа. Тухайн үеийн “Орос хэлний дээд сургууль” гэж байсан. Тэгээд сурч “Орос хэлний дээд сургууль”-ийн гурав дугаар курст байхад “Орос хэлний дээд сургууль” маань “Гадаад хэлний дээд сургууль” болж нэр нь өөрчлөгдөөд, сурч байсан оюутнуудыг хэд, хэдэн гадаад хэл сонгох боломжтой болгоод азаар төгсөх жилдээ англи хэлийг сурч эхэлсэн. Гэвч одоогийн их, дээд сургууль шиг эхнээсээ үзэж байгаагүй төгсөхдөө ганцхан жил үзсэн ч гэсэн тэр маш сайн суурь тавьж өгсөн. Ер нь цаг үе их өөр болж байсан. Хүмүүс гадаад руу сурч эхэлж байсан. Англи хэлийг нэг жил их сургуульдаа үзээд л хангалттай гэж болохгүй юм байна. Цаашид үзэх хэрэгтэй гэж бодоод хувиараа их хичээсэн.

“Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг” гэж байгууллага байсан. Тухайн үед англи хэлний багш нар их дутагдалтай байсан учраас тэр нийгэмлэгээс манай багш нар луу холбогдоод хүмүүст англи хэл заах хэрэгтэй байна. Төгсөж байгаа оюутнуудаасаа явуулаач ээ гэсэн юм байна. Тэгээд манай нэг багш намайг “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг” руу “Орхон” сургууль руу явуулсан. Миний хувьд тэнд хичээлийнхээ хажуугаар зав гаргаад зааж байсан. Тэгээд хүнд заахын тулд өөрөө үзэх болно. Тэгж явсаар байгаад англи хэлийг сурсан юм. Үүнээс хойш урт, богино курст гадагшаа явж сурч байсан. Жишээ нь 1997 онд Филиппинд эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр сурч бараг хагс жил болсон. Тэгэхэд миний англи хэл их сайжирсан. Дараа нь Канадад нэг сар хүний эрхийн ахисан шатны курст явсан, яг орчинд нь очоод хүмүүсийн дунд нь ороод төрөлх хэл шигээ биеэ барихгүй харилцаад явах нь их түлхэц болсон гэж хардаг юм. Тэгээд ер нь бол биеэ дааж л англи хэл сурсан.

АНУ-д магистрын сургуульд явахаасаа өмнө хаана ажиллаж, юу хийдэг байсан бэ?

“Гадаад хэлний их сургууль” төгсөөд би Орос хэлний багшаараа цөөхөн сар л ажилласан. Сургууль төгсөхөөр бид нарын дипломыг хуваарилсан сургууль руу нь явуулчихдаг байсан. Тийм учраас дунд сургуульд багш хийх хэрэгтэй болсон. Тэндээ багшаар ажиллаж байгаад хувийн хэвшил руу “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо”-д орж ажилласан. Тухайн үед эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн асуудал нэлээн тавигдаж байсан. Тэгээд “Хуульч эмэгтэйчүүдийн холбоон”-д ажиллаж байхад одоогийн энэ “Хүний эрхийн үндэсний комисс”-ийн тухайн хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, их чухал хуулиудад  “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүд маш эвдэхтэй орж ажиллаж байсан. Тэр хүмүүстэй хамтарч ажиллахдаа ер нь хууль зүйн асуудлаар хүн тодорхой хэмжээнд мэддэг байх ёстой юм байна гэж бодоод МУИС-ийн “Хууль зүйн сургууль”-д орохоор шийдээд 2001 онд “Эрх зүйчээр” төгссөн юм. Тэгээд “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо”-нд ажиллаж байх үед хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал сэтгэл их зовоодог чухал асуудал. Яагаад гэвэл “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэргэдэх эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төв байдаг байсан юм. Тэнд ирж байгаа хүмүүсийн асуудлыг сонгохоор маш их эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн, хүүхдийн эх, эцэг байхтай холбоотой асуудал гээд олон асуудал тэнд яригддаг байсан.

Үүний дараа “Английн хүүхдийг ивээх сан” гудамжны хүүхдүүдтэй ажиллах төсөл дээр ажилтнаар ороод 2003 онд сургуульд явах хүртлээ ажилласан. Сургуулиа төгсөж ирээд мөн үргэлжлүүлж ажилласан. “Английн хүүхдийг ивээх сан”-д ажилд орох маань миний хүүхэд хамгааллын ажлыг дагнаж явах эхлэл болсон юм. Тухайн үедээ яг тэр хүүхдүүд ямар нөхцөлд амьдарч байна. Юу хийж байна, тэрийг ойлгох гэж ажилладаг байсан. 1997-1998 онд гудамжинд маш олон хүүхэд байдаг байсан. Траншейнд хүүхдүүд амьдардаг байсан, бүүр гэр бүлээрээ ч амьдардаг, хоорондоо бүлэг болоод амьдардаг байсан. Эхлээд траншейны нүх руу орох гэж нэлээн зүдэрдэг байсан бол сүүлдээ траншейны нүх рүү үсэрч ороод л гараад ирдэг болчихсон байсан. Хаанахын траншейнд, хэдэн хүүхэд, яаж амьдардаг уу, хэнтэйгээ амьдардаг уу, ээж, аав нь хаана байдаг уу, эсвэл тэр хүүхэд хаана ажилладаг уу, тэрэг түрдэг үү, айл захын хүүхэд билээ гээд л хүүхдүүдийнхээ асуудлыг үнэхээр тэгж явахдаа маш сайн ойлгосон юм. Энэ бүхэн дээр миний хуулийн сургуульд сурсан хэрэг гарч байгаа юм.

Тэгэхээр та Монголд хоёр ч сургуульд дээд боловсрол эзэмшсэн. Дараа нь АНУ-д сурсан юм байна. АНУ-д болон Монголд сурахын ялгаа юу байсан вэ?

Монголд бид нарын сурч байхад “Гадаад хэлний сургууль” “МУ-ын Хууль зүйл сургууль” хоёулаа сайн сургуульд тооцогддог. Гэвч бид нарын “Гадаад хэлний сургуульд” сурч байхад нийгэм өөрчлөгдөж байсан. Орос хэлний багш хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэдэг хандлага бол байсан. Харин хуулийн сургуульд энэ чиглэлээр ажиллаад зах зухаас нь ойлгосон байсан учраас их дөхөм байдаг байсан. Гэвч бие дааж юмыг сургах тэр шаардлагыг АНУ-ыг бол Монгол гүйцэхгүй юм шиг санагддаг. АНУ-д үнэхээр чи өөрөө хичээхгүй л бол багш чамд тэр хичээлийг бэлэн өгөхгүй. Хэзээ өглөө, хэзээ өдөр болж байгааг ч мэдэхгүй заримдаа даалгавраа хийж давтана. Тэгэхээр АНУ-д илүү судалгааны ажил хэрхэн хийх вэ, өөрийн хувийн үзэл болдоо хэлэхээсээ илүү нотолгоонд суурилаад судалгаа уншдаг. Түүн дээрээ дүн шинжилгээ хийдэг. Тогтолцооны хүрээнд юмыг бүхлээр нь харуулж сургадаг. Яг тэр үзэж байгаа сэдвээ биш, ерөнхийдөө чи ямар нэгэн зүйлийг том зургаар нь харахгүй бол магистрын түвшинд тэнцэхгүй байх жишээтэй.  Монголд мэдлэг талдаа бол сайн өгдөг. Харин ур чадвар талдаа АНУ илүү санагдсан. Магадгүй дараагийн шатны зэргийн сургууль байсан болохоор тэгсэн байж болох юм. Жишээ нь гурван ном уншаад хоёр хуудас болгоод анализ бичээд ир гэдэг. Тэгэхээр маш их бодох, тэр олон номоос яг юуг нь авах уу яаж дүн шинжилгээ хийлгэх тал дээр АНУ-ын сургуулиуд их сайн. Монголд өгсөн хүрээндээ юмаа мэдэж байвал чи бол сайн сурагч. Харин АНУ-д бол зөвхөн ангидаа суугаад хичээл хийдэггүй, маш их ажиглалт энд тэнд очиж хийдэг.

Нийгмийн ажил бол хүнтэй ажилладаг ажил учраас хүний зан үйлийг их ажигладаг. Жишээ нь би архины хамааралтай бүлгийн уулзалт дээр их очиж суудаг байсан. Тэр хүмүүс өөрсдийн мэдрэмжийг яаж илэрхийлж байна, тэр хүн юу хэлж байна гэдгээс гадна тэр хүн юу мэдэрч байгаа бол гэдэг ч юм уу, эсвэл том захад юм уу жижиг дэлгүүрт очиж хүмүүсийг ажиглаж ялгаатай байдлаар нь дүгнэлтийн хуудас бичдэг байсан. Хүний зан үйлийг анзаарч мэдрэх тийм даалгаваруудыг их хийдэг байсан. Манайхан хүний сул тал нь юу байна, үүнийг яаж дэмжих үү гэдэг бол АНУ-д нийгмийн ажлын чиглэлээр сурахад хүний үндсэн хэрэгцээнээс гадна энэ хүний давуу тал нь юу байна. Давуу талыг нь бид яаж түлхэж өгч болох уу гэдэг талаас нь ажилладаг мэргэжил юм. Хүнийг ойлгодог чадвараа л сайн хөгжүүлэхийг нэлээн онцлог заадаг.

Таныг АНУ-д сурахад хэн юу хамгийн их нөлөөлсөн вэ? Эцсийн зорилго тань юу байв?

Мэдээж ажил минь их нөлөөлсөн. Яагаад гэвэл бид нар хүүхэд хамгааллын асуудлыг их ярьдаг байсан. Гэвч бид дангаар нь асуудлыг шийдвэрлэх гэж явдаг үе байсан. Тэгээд ярихдаа бол энэ тогтолцооны хүрээнд яригдах том асуудал гэхээс илүү гудамжны хүүхдийн асуудлыг шийдмээр байна, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн асуудлыг шийдмээр байна гэж асуудлын араас хөөцөлддөг байсан.  2000 оны эхэн үед хүүхэд хамгааллын тогтолцоо гэж байх ёстой. Энэ тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Эрх зүйн орчныг сайжруулах ёстой гэж өөрчлөгдөж эхэлсэн. Яг энэ чиглэлээрээ нэлээн ажиллаж байсан учраас үүнээс цаашид яах ёстой юм гэж бодсон л доо. Тэгэхээр би ямартай ч сурах л ёстой юм байна л гэж бодсон. Тухайн үед “Нээлттэй нийгэм хүрээлэн”-ээс тэтгэлэг зарлагддаг байсан. Тэр тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн. АНУ-д очоод суралцсан. Зөвхөн хүүхэд эмэгтэйчүүд гэхгүй судалгааны, статистикийн, бодлогын гэх мэт үзсэн хичээлүүд эргэж ирээд энэ салбартаа одоо ийм зүйл л хийх ёстой юм байна гэдэг тодорхой төлөвлөгөө боловсруулах санаа өгч байсан. Суралцаж байхад АНУ-д дадлага хийх газраа өөрөө сонгох боломжтой байсан. Тэгээд дадлагаараа аль болох Монголд байхгүй, санаа аваад хэрэгжүүлж болох газруудыг сонгож хийж байсан. АНУ-д сурсан зорилго маань сурахын хажуугаар иймэрхүү туршлагуудыг л олж авъя, үйлчилгээний олон төрлийг мэдэж авъя гэж зорьж байсан юм. Хүүхэд хамгааллын асуудал бол салбар дамжсан асуудал л даа.

Тэтгэлгээр сурсан хэмээн дурдлаа. Тухайн үед авч байсан тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч.

“Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн тэр үедээ “Сорсны сан” гэж байдаг байсан. Тэр үедээ олон хүнийг сурах боломжоор хангаж байсан. Зөвхөн нийгмийн ажлын мэргэжлээр нийтдээ арван есөн хүн сурсан байх. Жилдээ хоёр хүн хамрагддаг. Бусад мэргэжлээр өөр чиглэлээрээ мөн сургадаг байсан. Өрсөлдөөн ихтэй тэтгэлэг байдаг. Ярилцлага өгч байсан, бичгийн шалгалт өгсөн. Энэ олон хүн дотроос би сонгогдох болов уу даа гэж бас бодож ч байсан. Тэгсэн тэнцсэн. Сурч байхад сар бүр халаасны мөнгө(стипенд) өгдөг. Номын мөнгө хүртэл өгдөг байсан. Жилдээ нэг удаа АНУ-даа болж байгаа мэргэжилтэй холбоотой том хуралд оролцох тэр зардал нь ч орсон. Ер нь бол “Чи сурахыг нь сур, бид нар бусдыг нь хариуцъя” гэсэн тийм тэтгэлэг байсан. Ямар нэгэн байдлаар санхүүжлээ яана гэсэн асуудал бол огт байгаагүй. Их азтай сураад ирсэн би.

Суралцаж байх үеийн дурсамжаасаа бидэнд хуваалцаач.

Хэцүү зүйл нь гэвэл, анх очихдоо “Английн хүүхдийг ивээх сан”-д ажилладаг байхад санхүүжилтийн төслийг бичээд мөнгөө олчихдог. Дараа нь тайлангаа англи хэл дээр бичдэг байсан учраас өөрийнхөө англи хэлийг асуудалгүй сайн гэж бодоод очсон. Тэгээд яг Америкчуудтай нэг ангид сураад явахаар зарим үедээ “бараг яах гэж ирэв дээ, зүгээр л ажлаа хийгээд сууж байхгүй ямар хэцүү юм бэ” гэсэн бодол төрөх үе ч гарч байсан. Яагаад гэвэл бидний сурч байсан арга барил их өөр байсан, тэр нь юмаа ойлгохгүйдээ биш, Монгол сургуульд багш асуувал л хариулна. Багшийг зогсоож байгаад асуулт асуудаггүй соёлын ялгаа их анзаарагддаг байсан. Сайхан мөч бол дипломоо авах мөч бол хамгийн гоё үе байсан. Хоёр жил олон ном уншиж, олон зүйл сурсан, Монголдоо очоод юу хийх үү гэдэг ойлгосон, төлөвлөгөөтэй болчихсон байсан. Тэгээд мөн нэгэнт АНУ-д очсон юм чинь дандаа л ном уншаад байхгүй. АНУ-д би гэр бүлээрээ очсон учраас энэ сайхан газрыг боломжийнхоо хэрээр үзье гээд нэлээн олон мужаар аялж үзсэн юм. 

Танай “Brown School at Washington University in St. Louis”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэнд болон нийгмийн цөөнх хүмүүс тэгш хамрагддаг байсан уу. Бусад сургуулиудаас юугаараа онцлогтой сургууль байсан вэ?

Анх АНУ-д очоод статистик харахдаа цочирдмоор тоо баримт их байдаг байсан. Нийт хүн амыг хэдэн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, хэчнээн хувь нь нийгмийн цөөнх, хэдэн хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэх мэт их өндөр тоо хэлдэг. Яагаад ингээд хөгжсөн орон, эрүүл мэндийн болон нийгмийн бусад үйлчилгээ нь сайн байхад ийм байдаг юм бол гэж гайхдаг байсан. Тэр нь бол тоогоо сайн гаргадагтаа, оношилгоо сайн хийдэгтэй ийм тоо баримт гардаг юм байна гэж сүүлд нь дүгнэж ойлгосон. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн цөөнх болж төрснөөрөө сургуульд сурах ёсгүй гэсэн үг биш юм. Тэгэхээр энэ тал дээр сургууль маш их анхаардаг. Тэгш хамруулдаг байсан. Ер нь бол хүний эрхийг их дээдэлсэн. Хүний эрх талаасаа асуудлуудаа хардаг. Манай сургуульд бүх боломж бүх хүнд байсан. 

Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?

Чи яг юу хүсээд байна вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө дуртай зүйлээ л хийх хэрэгтэй. Хөрвөх чадвартай мэргэжлээр эхлээд сурвал яваандаа чи хэн болох вэ гэдэг талаасаа харвал бас их зүгээр байдаг. Дуртай зүйлээ хүн сайн хийдэг. АНУ-д амьдарч байхад сурна гээд залуучууд их очдог байсан. Тэгээд тэнд очсон хойноо ажил хийгээд төлбөрөө олох гээд маш олон хүн сургуулиасаа гарах тохиолдол байсан. Тэгэхээр үнэхээр АНУ явах хүсэлтэй байгаа бол яг юу сурах вэ, хаана сурах вэ, санхүүгийн байдлаа хэрхэн зохицуулах вэ гээд бүх зүйлээ тодорхой болгож байгаад явахгүй бол яг сурлага дээрээ анхаарч чадахгүйд хүрдэг. Эхлээд бусад асуудлаа шийдэх гээд үндсэн зорилгоо очоод алдах тохиолдол их гарч байсан. Сайн судалж байгаад, арыг нь баттай болгож байгаад сурахаар яваарай гэж хэлмээр байна.

За баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.