Alumni stories

Ч.Бямбасүрэн "UNIVERSITY OF COLORADA BOULDER"-ийн төгсөгч

Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Манай энэ удаагийн зочноор Чулуунбат овогтой Бямбасүрэн оролцож байна. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.

Сайн байцгаана уу. Намайг подкастандаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Бямбасүрэн гэдэг. АНУ-ын Колорадогын их сургуульд 2019-2021 онд Fulbright-ын тэтгэлгээр Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж төгссөн.

10 жилээ хаана сурсан вэ? Бакалавраа хаана эзэмшсэн бэ?

Би бакалавраа МУИС-д Олон улсын харилцааны мэргэжлээр сурч төгссөн. Төгсөөд уул уурхайн салбарт ажиллаж байгаад, эрчим хүчний салбарт орж ажилласан. Энэ үедээ сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийг илүү сонирхоод, гүнзгийрүүлж суралцсан юм.

Fulbright хөтөлбөрийн талаар бидэнтэй хуваалцаач? Ямар хөтөлбөр байдаг. Хэрхэн бэлдэж байсан вэ?

Анх 2014 оны үед энэ хөтөлбөрийн талаар олж мэдсэнээ санаж байна. Тэр цагаас хойш би энэ хөтөлбөрөөр л сурна гэж шийдээд материалаа өгч байсан юм. Нийт 5 удаа тууштай материалаа өгөөд сүүлийнх дээрээ тэнцсэн хариу ирсэн л дээ. Хөтөлбөрийн талаар веб сайтаас нь тодорхой мэдээлэл авч байсан. Миний бодлоор одоо хийж байгаа, очоод юу сурах гэж байгаа, ирээд сурсан зүйлээрээ юу хийх вэ гэсэн үндсэн загвар дээр тулгуурладаг юм байна гэж ойлгосон юм.

Нийт 5 удаа материалаа өгсөн гэсэн шүү дээ. Эхний болон сүүлд өгсөн материал хоорондоо ямар ялгаатай байсан вэ?

Эхний удаа материалаа өгөх үед би уул уурхайн салбарт ажилладаг. Байгалийн нөөц баялгийн чиглэлээр сурах сонирхолтой байсан,  анхны удаа учраас туршлага бага байсан. Сүүлийн удаа материалаа өгөх үед би эрчим хүчний салбарт ажилладаг, салбарынхаа тулгамдсан асуудлын тухай ойлголттой болчихсон, өөрийнхөө хэмжээнд ямар хувь нэмэр оруулахаа бодчихсон тийм үедээ явуулсан юм. Эхний удаа материалаа өгөхдөө асуултад хэрхэн хариулах, ярилцлагад юу ярих тухайгаа бодож байсан бол сүүлийн удаа материалаа өгөхдөө асуудалд илүү бодитоор хандсан, шийдэл хайсан, тэр шийдлийг олоход энэ хөтөлбөр надад тусална гэсэн өнцгөөс хандсан учраас тэнцсэн гэж би ойлгодог.

Бакалавраас магистр өөр мэргэжлээр сурахад хичээлийн зөрүү гарсан уу?

Бакалавртаа ямар чиглэлээр сурч байсан нь чухал биш байсан. Магистраар сурч байгаа мэргэжил маань инженер суурьтай биш илүү бодлогын түвшинд чиглэсэн гэж хэлж болно. Сэргээгдэх эрчим хүчний бодлого чиглэл Америкаас үүсэлтэй юм байна лээ. Сэргээгдэх эрчим хүчийг технологи болон бодлогоор хөгжүүлж болох юм байна. Харин бодлогоор удирдах ёстой гэдгийг манай сургуульд зааж байсан.

Суралцаж байсан муж болон хотынхоо талаар бидэнтэй хуваалцаач?

Би Колорадогийн Boulder гээд хотод байсан. Энэ хот руу Denver-ээс 30 минут машинаар  яваад оччихдог жижиг хот байгаа юм. Шинжлэх ухааны хот гэж хэлбэл зөв байх. Сэргээгдэх эрчим хүчний томоохон компаниуд цугларсан газар. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн том хүрээлэн, төв лабораторийн багш нар манай сургууль дээр ирж хичээл ордог. Энэ салбарын цаашдын хөгжил, ололт амжилт, тулгамдсан асуудлын тухай мэдээлэл авах боломжийг олгодог гэж болно. Цаг агаарын хувьд Монголтой төстэй учраас салхи болон нарыг ашиглан сэргээгдэх эрчим хүч бий болгох талаар туршилтууд хийгддэг.

Fulbright-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцээд сургуулиа өөрөө сонгосон уу?

Би өөрөө сонгоогүй. Хөтөлбөрийн зүгээс надад санал болгоод, би түүнийг нь зөвшөөрсөн. Надад 4 сургууль санал болгосны нэгийг сонгосон юм.

Америкт суралцахаар яагаад шийдэх болсон, сурсан замналаасаа бидэнтэй хуваалцаач?

Би 2009-2010 оны хооронд хооронд солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Тэр хөтөлбөрөөр Америкт суралцаад буцахдаа гадагшаа сургуульд явахаар бол энд ирж сурна гэж шийдээд буцаж байсан л даа. Бакалавраа дүүргээд ажилд ороод дараагаар нь Америкт ирээд магистрын зэргээ хамгаалсан.

Сурагч солилцооны хөтөлбөрөөр хаана ямар сургуульд сурсан вэ?

Arkansas University-д Олон улсын харилцааны чиглэлээр нэг жил суралцсан. Хоёрдугаар курстээ авах ёстой хичээлүүдээ аваад, эргээд ирээд 3-р курстээ суралцаж байсан юм.

Америкт тэтгэлгээр суралцаж байхад хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж байсан уу?

Тийм боломж байгаагүй. Ажил хийхийг зөвшөөрдөггүй. Амьжиргааны мөнгө гэж өгдөг. Тэр нь надад хангалттай хүрдэг байсан учраас ажиллах тухай бодож байгаагүй. Харин зорилго маань сайн сурах гэж Америкт ирсэн учраас түүндээ илүү анхаарсан. Би чөлөөт цаг гарвал гадуур алхаад тухайн орчин, тухайн нийгмийнхээ хүмүүстэй ойр байхыг хичээдэг байлаа. Амархан хүнтэй танилцчихна. Тэгж танилцсан хүмүүсийн зарим нь намайг Талархлын баяраар гэртээ урина.

Америкт суралцах байх үеийн хүнд хэцүү санагдаж байсан үе нь хэзээ байсан вэ, хэрхэн даван туулж байсан вэ?

Сургуулиа төгссөний дараа Монгол руу буцах л амаргүй байсан санагдаж байна. Хичээл дуусаад сургуулийн байрнаасаа гарчихсан, айлд амьдраад, нислэг олдохгүй, хэзээ буцах нь тодорхойгүй байсан. Ковидын үе учраас хүлээхээс өөр сонголтгүй тийм үе байсан.

Мэргэжлээ хэрхэн сонгосон тухайгаа, яагаад дараа нь өөрчилсөн тухайгаа хуваалцаач?

Би ул уурхайн салбарт ажиллаж байхдаа Төв аймгийн Сэргэлэн сумд байдаг Салхитын цахилгаан станцын төслийн талбай дээр очиж үзсэн юм. Тэр үеэс Сэргээгдэх эрчим хүчний талаар судлаад, ажлаа ч мөн сольсон байдаг юм.

Мэргэжлээ сонгох гэж байгаа хэрхэн сонгохоо бодож  байгаа залуустаа хандаж юу гэж зөвлөх вэ?

Миний хувьд Олон улсын харилцаа буюу ерөнхий мэргэжлээс Сэргээгдэх эрчим хүч буюу нарийн мэргэжил сонгосон. Энэ нь миний хувьд зөв байсан гэж одоо боддог. Хүн, хүний онцлог байх л даа. Магадгүй эхлээд нарийн мэргэжлээр суралцаад дараа нь ерөнхий мэргэжлээр сурч болох юм. Хэрхэн сонгох тухайд техник технологитой холбоотой мэргэжил одоо болон ирээдүйд эрэлттэй байх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, тогтвортой хөгжил, эдгээртэй холбоотой мэргэжлүүд илүү эрэлттэй, хоцрогдохгүй байна гэж бодож байна. Чи өөрөө ямар чиглэлийн мэргэжилд сонирхож байгаа чинь хамгийн чухал зүйл шүү дээ.

Англи хэлийг хэрхэн сурсан вэ? Хэл сурах гэж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?

Дадлага, дадлага бас дахин дадлага гэж хэлмээр байна. Үргэлж хэрэглээ болгох хэрэгтэй. Мэдээж ном унших, кино үзэх гэх мэт аргууд байж болно. Гэхдээ хэрэглэхгүй бол мартана. Том зургаар нь хараад энэ миний ирээдүйдээ хийж буй маш том хөрөнгө оруулалт, том баталгаа болно гэдгээ ойлгочих юм бол тийм ч хэцүү байхаа болино гэж бодож байна. 

Колорадогийн их сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурахад ээлтэй юу?

Миний шууд анзаарсан зүйлүүдийн нэг нь энэ байгаа юм. Бүх байшин барилгын хаалга нь автомат, товч дараад онгойдог. Автобусанд суухад хүртэл жолооч нь гарч ирээд тусгай сандалд тэргэнцрийг нь бэхэлж өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн миний байсан орчинд яг надтай адил түвшинд ажиллаж, сурч, амьдрах боломжтой юм байна гэдгийг харж байсан юм.

Яагаад Америкт төгсөгчдийн холбооны гишүүнээр элссэн вэ?

Гадаадад сайн боловсрол эзэмшээд Монголдоо ирээд нийгэм рүүгээ чиглэсэн ямар нэг зүйл хийчихье гэсэн үүднээс элссэн. MASA-д Америкт суралцаад ирсэн салбар, салбарын сайн боловсон хүчнүүд сайн дураараа ажиллаад дунд, ахлах ангийнхан, бакалаврын түвшнийхэн гээд ямар мэргэжил сонгохоо бодож байгаа, эсвэл төлөвлөж амжаагүй хүмүүст сайн дураараа, үнэ төлбөргүй тусалдаг учраас тэр үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм. Зөвхөн хотод биш хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгдөг, маш чухал ач холбогдолтой ажил шүү дээ.

Бидний бэлтгэсэн дугаарын энэ өдрийн зочноор оролцож дүү нартаа, залуустаа үнэ цэнтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Бидний бэлтгэсэн дугаар энэ хүрээд өндөрлөж байна дараа дахин уулзталаа баяртай эрхэм сонсогчид оо.